Бодлого ярияОнцлохУлс төр

Бодлогын нам гэж юу вэ?

С.Болдсайхан, Улс төр судлаач
“Бодлогын нам” гэх ойлголт нь 1950-аад оноос хойших үеийн АНУ-ын улс төр судлалаас үүсэл гаралтай (Downs, 1957; Lipset and Rokkan, 1967). Уг ойлголт нь улс төрийн процессыг иргэд/сонгогчдын (principles) болон тэдний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхолыг төлөөлөх, биелүүлэх үүрэг бүхий улстөрч/нам (agent) хоёрын хоорондын харилцаа холбооны үр дүнд бий болдог гэж үздэг.

Энэхүү principle-agent-н онолын суурь логик нь доорх таамаглалаас бүрддэг: Нэгт, олон нийтийн эрх ашгийг хөндсөн, улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлууд дээр иргэд тогтсон үзэл бодол, байр суурьтай байдаг. Хоёрт, засаглалын эрхийг олж авах зорилготой улстөрч/намууд иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг мөрийн хөтөлбөр эсвэл хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй бодлогодоо тусгаж, хэрэв сонгуульд ялбал төрийн бодлогоор дамжуулан тэрхүү амлалт хөтөлбөрөө биелүүлнэ гэж амладаг. Намуудын дэвшүүлсэн бодлого хөтөлбөрүүдийг иргэдэд амар хялбар байдлаар ойлгуулах нь чухал. Тиймд, тухайн намын бодлогыг тогтсон үзэл суртал (ideology)-той холбож, зүүний, төвийн, эсвэл барууны хэмээн ялгаж, салгаж тайлбарладаг. Гуравт, намуудын мөрийн хөтөлбөрийг иргэд өөрийн итгэл үнэмшил, байр суурьтай харьцуулж үзээд, мөн тухайн намын сонгуульд ялах магадлал, амлалтынх нь биелэх боломж зэргийг давхар харгалзаад, өөрийн үзэл бодолд хамгийн дөхөм бодлого дэвшүүлсэн намыг дэмждэг. Дөрөвт, ялсан нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тавд, эрх баригч намын сонгуулийн өмнөх жилүүдэд хийсэн ажилд нь дүн тавьж, муу ажилласан бол хариуцлага тооцож, сайн ажилласан бол дэмжиж, ээлжит сонгуулиар иргэд саналаа өгснөөр ардчилсан дэглэмийн улс төрийн хариуцлагын тогтолцоо биеллээ олдог (retrospective voting).

Тиймээс, “бодлогын намууд” иргэдээс дэмжлэг авахын тулд өрсөлдөгч намаас аль болох өөр үзэл санаанд суурилсан бодлогын хувилбарыг дэвшүүлж, үзэл санаагаараа голчлон өрсөлддөг. Бодлого нь ихэнхдээ улс нийтийг хамарсан томоохон зорилттой уялдаатай байдаг бөгөөд сонгуульд тухайн намыг дэмжсэн эсэхээс үл хамаарч бүх нийтэд ашиг тус өгөх (public goods) зорилттой байх нь илбэг. Хэрэв зөвхөн нийгмийн тодорхой хэсэг бүлэгт зориулж төсөл, хөтөлбөр амалсан бол тухайн намыг порк, зөвхөн сонгуулиар өөрийг нь дэмжсэн иргэдийг л дэмжих бодлого хэрэгжүүлбэл “clientelist” гэж “бодлогын намаас” тусад нь ангилж тодорхойлдог.

Бодлогын намын шалгуур үзүүлэлтүүдэд дараах зүйлс багтдаг 

  • Нам хоорондын улс төр, сонгуулийн өрсөлдөх гол хэрэгсэл нь улс нийтийг хамарсан үзэл сурталд суурилсан бодлогын хувилбар байх.
  • Зөвхөн намын дэмжигчдийн сайн сайхны төлөө эсвэл улс төр, эдийн засгийн цөөнхийн бүлэгт зориулсан бодлого хэрэгжүүлдэггүй байх.
  • Иргэдийн улс төрийн баримтлал, үзэл бодол, байр суурь, сонгуульд оролцсон эсэх, аль намыг дэмждэг эсэхээс үл хамаарч зөвхөн нийтийн сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх.
  • Иргэдийн саналыг ил болон далд аргаар худалдаж авах оролдлого хийдэггүй байх. Санал өгөөгүй иргэдийг шийтгэдэггүй, өгсөн иргэдийг урамшуулдаггүй байх.

Олон улсын хүрээнд улс төрийн намын чанарын тухай харьцуулсан судалгааг гадаадын судлаачид удаа дараа хийсээр ирсэн. Тухайн улсын парламентад суудалтай томоохон намуудыг хэр зэрэг клиентелист эсвэл бодлогын намын шинж чанартай гэдгийг тухайн улсын экспертүүдээс асууж оноо өгдөг нь эдгээр судалгааны гол арга барил юм.

Жишээлбэл, олон улсын улс төр судлаачдын идэвхтэй хэрэглэж байгаа “V-Dem Institute”-н мэдээллийн санд “Улс төрийн намуудын холбоос” гэх үзүүлэлт байдаг. Уг хувьсагч нь ардчилсан улсын томоохон намуудыг хэр бодлогын намын шинж чанартай гэдгийг хэмждэг бөгөөд “энэ улсын томоохон улс төрийн намууд нь сонгогчидтойгоо хэрхэн яаж холбогддог, иргэн-намын харилцааны хамгийн түгээмэл хэлбэр нь юу вэ?” гэж экспертүүдээс асуудаг. Хариулт нь аль ч улсын хувьд, намуудаас иргэдийн саналыг авахын төлөө ямар төрлийн амлалт өгдгийг хэмжих бөгөөд 0 – 4 завсарт хэмждэг. Оноо өндөр байх нь намууд илүү бодлогод суурилсан хөтөлбөртэй гэдгийг илэрхийлнэ. Зураг 4-т уг хувьсагчийг босоо тэнхлэгт байрлуулсан. Харин хэвтээ тэнхлэгт нь мөн V-Dem Institute-с эрхлэн гаргадаг клиентелисм индексийг байрлууллаа. Уг индекс нь тухайн улсын томоохон намуудыг хэр клиентелист шинж чанартай гэдгийг үнэлсэн экспертүүдийн үнэлгээг харуулдаг. Оноо өндөр байх тусам тухайн улсын томоохон намууд нь клиентелист шинж чанартай байгааг илтгэнэ.

Дэлхий дахин дахь ардчилсан улсын томоохон улс төрийн намуудад өгч буй экспертүүдийн үнэлгээг бүс нутгаар нь харьцуулж үзвэл барууны, өндөр хөгжилтэй, ардчилал хөгжөөд удаж буй Дани, Нидерланд, Бельги, гэх мэт улсын намууд нь харьцангуй илүү бодлогын намын шинж чанартай байна. Эдгээр улсуудын намууд нь мөн клиентелист хэв шинж багатай байгааг Зураг 4-с харж болно. Эсрэгээрээ, залуу ардчилалтай, эдийн засгийн хөгжил багатай улсуудын намууд нь илүү клиентелист аргаар иргэд, сонгогчидтойгоо холбогддог байна. Монгол улсын томоохон намуудын хувьд хагас клиентелист, хагас бодлогын намын хэв шинжтэй, дэлхийн ардчилсан улсуудтай харьцуулбал тэдний дунд хэсэг дэх байр суурьтай байгааг ажиглаж болно.

Хэзээ, хэрхэн яаж, ямар нөхцөлд клиентелист нам бодлогын нам болж чаддаг, яагаад нам иргэдийн саналыг ил болон далд аргаар худалдаж авах гэж оролддог талаар олон улсын харьцуулсан судалгааг улс төр судлаачид онолын төвшинд удаа дараа хийсээр ирсэн. Уилкинсон, Китчеллт нарын (Wilkinson and Kitschelt, 2007) судалгаагаар тухайн улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны төвшин нь улс төрийн намын сонгуулийн стратеги болон иргэд сонгогчидтойгоо хэрхэн яаж холбогдох арга хэрэгсэлд нь шууд нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Тухайлбал, эдийн засгийн хөгжил буурай байх тусам намууд илүү клиентелист хэв шинжтэй байдаг. Иргэдийн орлого бага байх нь бодлогын нам үүсэж хөгжих процесс-д хамгийн том саад болдог. Ядуу буурай иргэдийн улс төрийн боловсрол төвшин бага байдаг тул улс төрийн үзэл санаа, алсын ирээдүйд л биелж болох бодлого хөтөлбөрийг ойлгох боломжгүй байдаг. Мөн ядуу иргэд зөвхөн ойрын ирээдүй эсвэл өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлж болох бодит амлалтад илүү ач холбогдол өгдөг тул намууд тэдэнд төрийн албаны ажлын байр амлаж эсвэл бэлэн мөнгө, бэлэг сэлт өгч дэмжлэг авах хандлагатай байдаг гэж дүгнэжээ. Намууд ихэвчлэн улс төрийн үзэл санааг ойлгодоггүй, аль нэг намыг онцолж дэмждэггүй, орлого багатай ядуу буурай иргэдийн саналыг ил аргаар шууд худалдаж авах гэж оролддог байна. Санал худалдан авахдаа намын доод болон дунд шатны ажилтнуудаар дамжуулан иргэдийн саналын нууцлалыг алдагдуулж, хэнд саналаа өгч байгааг нь заавал хянадаг байна. (Stokes, 2005).

Китчеллт болон Кселман нарын (Kitschelt and Kselman, 2012) судалгаагаар клиентелист арга хэрэгсэл нь өртөг өндөртэй, хэрэгжүүлэхэд маш их хүн хүч том “hierarchical” бүтэц шаардагддаг тул хэт ядуу буурай улсын намын хувьд хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарласан байна. Тиймээс клиентелисм нь дунд төвшний эдийн засгийн хөгжилтэй улсын намуудын өрсөлдөөний гол хэрэгсэл болж чаддаг аж.

Эдийн засгийн хөгжлөөс гадна тухайн улсын ардчиллын нас намын чанарт нөлөөлдөг (Keefer, 2005). Филип Кифер-ийн судалгаагаар иргэд сонгогчид нь намын амлалт, мөрийн хөтөлбөрт итгэдэггүй учраас намууд үзэл санаанд суурилсан бодлого дэвшүүлж сонгуулиар өрсөлддөггүй гэж дүгнэжээ. Иргэдийн намд итгэх итгэл нь тухайн улсын ардчилсан дэглэмийн настай шууд хамаатай. Залуу ардчилсан улсын намуудад амлалтаа амжилттай биелүүлсэн туршлага ховор байдаг тул иргэд тэдний мөрийн хөтөлбөрт итгэдэггүй. Харин ардчилсан сонгуулийг удаа дараа зохион байгуулж, ялсан нам нь хөлбөрөө амжилттай биелүүлсний дараа иргэд намд итгэж эхэлдэг ажээ. Намд иргэд итгэдэг болсноор намууд илүү бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг болдог ажээ.

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд улс төр судлаач С.Болдсайхан бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын Засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button