Улс төрУлс төрийн соёл

Л.Мөнх-Эрдэнэ: Дайчин улс нь Монголын улс төрийн соёл дээр суурилсан Манж-Монголын холбооны улс

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцлаа.

“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ТӨР УЛС ҮҮССЭН ТАЛААРХ ОНОЛ, ПАРАДИГМ УЧИР ДУТАГДАЛТАЙ БАЙНА”

-Сайн байна уу та. Нэлээд хугацааны дараа эх орондоо иржээ. Барууны уйтгартай ч гэмээр нам гүм ертөнцөд Монгол Улс тань таны зүрх сэтгэлд байнга л оршиж байдаг байх. Үүний нэг илрэл нь та хэдий гадны судалгаа шинжилгээний байгууллагад ажилладаг ч гэлээ Монгол Улсын нийгэм, улс төрийн талаар байнга үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Эх орондоо ирээд ямар сэтгэгдэлтэй байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

– Монгол Улсад санаа зовох асуудлууд байгаа учраас мэдэх, чадах зүйл дээр ажил, амралтын цагаасаа хумсалж бичдэг, дуугардаг. Харин болж бүтэж байгаа зүйлд санаа зовдоггүй учир угаас эерэг дуугарах нь цөөн. Би 2018 оноос хойш эх орондоо ирэлгүй байсаар энэ жил зорин ирлээ. Ирээд төрсөн нутаг болох Булган аймгийн Баян-Агтад, очиж ах дүүстээ золгосон. Адуу, мал, айраг тараг, загас жараахай, жимс жимсгэнэ эргүүлж тэнд хоёр долоо хоног сайхан амарлаа. Хур, ус элбэгдүү сайхан зун болж байна. Харин дэлгүүр, хуралдааны төвүүдэд нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ санаанд багтамгүй их өсчээ. Зэрвэс ажиглахад, дэлгүүрт борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүд германыхаас 2-3 дахин зарим нь бүр тав дахин үнэтэй байх юм. Дундаж цалинтай жирийн иргэд хэрхэн амь зуудаг юм бол доо. Бараг амьдрах боломж үгүй юм биш үү гэж бодогдлоо. Өөр нэг зүйл нь нийгмийн ялгарал, туйлшрал улам бүр гаарчээ. Ялгарлаа дагаад Монголын нийгэм гэдэг зүйлийн тухай ярих боломжгүй болсон мэт. Өрнөдийн судлаачдын ярьж, шүүмжилдэг угсаа залгамжлалын буюу шимэгчдийн капитализм (patrimonial capitalism эсвэл rentier capitalism) улам бүр бэхжиж, ард олон нь, сэхээтнүүд нь ч жам ёсны зүйл мэт хардаг болсон мэт. Үндсэндээ феодалын нийгэм, хамжлагын харилцаа тогтсон мэт санагдсан.

-Тантай өмнө нь улс төрийн сэдвээр ярилцаж байлаа. Энэ удаа таны түүхэн бүтээлүүд, тэнд байх үзэл санаануудын тухай нэлээд яръя гэж бодлоо. Улс төр, түүх хоёрыг салж ойлгох аргагүй шинжлэх ухааны салбарууд. Харин таны судалгаанд аль ухагдахуун нь нэгдүгээрт байдаг вэ. Мэдээж түүхийн шинжлэх ухаан дээр үндэслэдэг үү?

-Би МУИС-д түүхч, түүх судлаачаар бэлтгэгдсэн хүн. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Түүхийн Судлал” сэтгүүлд анхны өгүүллээ оюутан байхдаа хэвлүүлж байлаа. 2000 он хүртэл түүх, түүн дотроо улс төр, улс төрийн үзэл санааны түүх, түүхийн судалгааны онол арга зүйн асуудлуудаар голчлон ажилладаг байсан. Хэдэн өгүүлэл, ганц хоёр ном монгол хэлээр бий. Мөн тэр үеэс үндэстэн, үндэсний үзэл, үндэстний төр улс, төр улсын байгуулалт зэрэг ойлголт асуудлуудыг илүү их сонирхох болсон маань улс төр, нийгмийн онол, философийг илүү түлхүү оролдоход хүргэсэн. Улмаар Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт үндэстэн, үндэсний үзлийн асуудлаар судалгааны төсөл өгсөн нь намайг антропологийн хүрээлэнд очиход хүргэсэн юм. Үндэсний үзлийн асуудлыг улс төр судлал ч, улс төрийн антропологи ч судалдаг. Үндэсний ижилсэл (national identity), улс үндэстэн, улмаар үндэсний үзэл бүрэлдсэн асуудлыг монголын жишээн дээр судалж, докторын зэргээ хамгаалсан. Доктор болсныхоо дараагаас ажлуудаа англи хэл дээр хэвлүүлэх болсон. Мөн Монголын үндэстэн, ястан гэх мэт ойлголт, категориудыг, Монголыг угсаатны судлалын (ethnology) өнцгөөр судлах болсон хийгээд БНМАУ-ын үндэсний бодлого зэрэгтэй уялдуулан судалж нэг ном бичиж байгаа. Удахгүй гарна. Яагаад энэ талаар бичих болсон гэхээр Монголын өндөрлөгийн нүүдэлчдийн нийгэм, улс төрийн байгууламжийн асуудал үндэстэн, ястан, овог аймгийн байгуулал, ураг төрөл зэрэг асуудлуудтай шууд уялдаа холбоотой. Гэтэл Монголын нүүдэлчдийн нийгэм, улс төрийн байгууламжийн талаарх судалгаа миний судлаж буй асуудлуудыг тайлбарлахад илт учир дутагдалтай байсан. Тиймээс Монголын төр улсын түүхийн асуудлыг эхлээд тодруулах шаардлагатай байна. Энэ сэдвээр хэдэн өгүүлэл, мөн өнгөрсөн онд “Тайжийн Төр ба Дайчин Улсын Мандал” ( https://brill.com/view/title/59728 ) номоо хэвлүүлсэн. Улмаар уг судалгааны явцад ерөөс хүн төрөлхтний түүхэнд төр улс үүссэн талаарх онол, парадигм учир дутагдалтай нь илэрхий болсон. Тиймээс тэдгээр онол, парадигмийг шүүмжилсэн “Нүүдэлчин Левиафан” (The Nomadic Leviathan) гэдэг ном бичлээ. Ирэх оны дундуур гэхэд хэвлэлтээс гарчих байх.

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙН СУДЛАЛ НЬ ЗӨВХӨН ҮНЭНИЙГ ОЛОХЫГ ЭРХЭМЛЭДЭГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЗЭЛ САНААТАЙ ЗӨРЧИЛДӨХ ҮЕ БИЙ

-Бид ер нь түүхээ мэддэг ард түмэн мөн юм уу. Монгол Улсын түүхтэй холбоотой баримт материалууд маш олон салаа замтай байх юм. Эрдэмтэн судлаачид нь ч янз бүрээр ярьж тайлбарладаг л даа?

-Аливаа бичгийн сурвалж, ул мөрийн утга санааг судлаач эхлээд ойлгох учиртай юм. Олон салаа утга гээд байгаа нь эх сурвалжийн тайлбар гэхээсээ илүү судлаач нарын өөрсдийнх нь баримтлах онол, үзэл санаа, аргазүйгээс эхтэй байна. 1990-ээд оноос өмнөх Монголын түүх судлал, бичлэг нь нийгмийн хувьсалын онолын суурин дээр, Европ болон Хятад төвийн үүднээс Марксист-Ленинист онол, үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын үүднээс хийгддэг байв. Өөрөөр хэлбэл, тодорхой онол, арга зүй төдийгүй, улс төрийн үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын үүднээс бичигдсэн. Мөн дээрээс нь үндэсний болон эх оронч үзэл, үнэт зүйлс нэвт шингэсэн байдаг. Эдүгээ ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Нэгэнт тодорхой улс төрийн үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын үүднээс судлах бичих учир түүх нь тэр үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын хувьд л үнэнд ойртох магадлалтай. Энэ нь улс төрийн үзэл суртал, үнэт зүйлсээс ангидаар зөвхөн үнэнийг олохыг эрхэмлэдэг шинжлэх ухааны үзэл санаатай зөрчилддөг. Мэдээж энэ нь үнэт зүйлс, үзэл суртлаас ангид шинжлэх ухааны онол, арга зүй нь төгс гэсэн үг биш. Олон онол, арга зүй бараг үзэл суртал шиг болж хувирах нь бий. Харин шинэ судалгаа, сурвалжаар шинэ онол, арга зүй боловсруулж өмнөхийг засаж залруулах, нураах нь түгээмэл. Гэхдээ таны яриад байгаа зүйл бол манай орны түүх, ер нь ганц түүх ч бус шинжлэх ухааны аливаа салбарт тулгараад байгаа эрдэм шинжилгээний тогтолцоо, процедурын асуудал.

-Өөрөөр хэлбэл бид судалгаа шинжилгээний ажлаа хийж чадахгүй байна уу?

-Аливаа судалгааны ажил уг салбарын тэргүүлэх эрдэмтдийн хэд хэдэн давхар, нууц шүүмж, магадлагаа шинжилгээ (peer review) даваж байж л хэвлэгдэх ёстой. Аливаа эрдэм шинжилгээний сэтгүүл, болон академик хэвлэлийн газрууд тухайн салбарын шилдэг эрдэмтдээс бүрдсэн редакцийн зөвлөлтэй байдаг. Судлаач ажлаа хэвлүүлэхээр өгөхөд эхлээд редакцийн зөвлөлийн эрдэмтэд нь магадлагаа хийж, уг ажлыг цааш нь уг салбарын нарийн мэргэшсэн эрдэмтдээр магадлагаа хийлгэх эсэхийг шийддэг. Хийлгэхээр шийдэгдвэл уг ажил эхний даваагаа даваж байна гэсэн үг. Түүний дараа нарийн мэргэшсэн хоёроос гурван эрдэмтдээр тус тусад нь нууц, нарийн нягт магадлагаа шинжилгээ хийлгэнэ. Тэдгээр эрдэмтдийн шүүмж уг ажлыг хэвлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд, тэдний санал нийлж байвал уг ажил үндсэн даваагаа даваж байна гэсэн үг. Гэхдээ эцэст нь редакцийн зөвлөлийн холбогдох эрдэмтэд эцсийн шийдвэрийг гаргадаг. Шүүмжийг зохион байгуулахдаа ямар нэг үзэмжийн хандлага хутгалдахаас сэргийлэх үүднээс магадлагаа хийж байгаа эрдэмтэд нь ч, хийлгэж байгаа нь ч харилцан бие биенийгээ хэн болохыг мэдэхгүй байхаар зохион байгуулдаг. Шүүмж, магадлагаа нь уг судалгааны үнэн эсэхийг төдийгүй, мөн тухайн салбарын оршин буй мэдлэгийн санд утга учиртай, хувь нэмэр болох эсэх гэх мэтийг ч дэнсэлж үздэг. Гэтэл энэ тогтолцоо манай оронд үндсэндээ 1990-ээд оноос нуран унасан. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд ёс төдий буюу бараг магадлал хийхээ байсан. Ном бүр ч байхгүй. Мэргэшсэн эрдэмтдийн зөвлөлтэй, шүүмж хийлгэдэг академик хэвлэлийн газар манайд үгүй мэт. Нөгөө талаар зохиолч өөрөө мөнгөө төлөөд номоо хэвлүүлнэ, борлуулна гэдэг ойлголт ч байхгүй. Харин манайд хэн дуртай нь юу бичснээ ном хэлбэртэй болгож хэвлүүлж байх юм. Хаана, хаанаа судалгаа үнэн эсэхийг нягтлах, магадлах, утга учиртай эсэхийг шүүх шүүлтүүр байхгүй гэсэн үг. Тиймээс судлаачид гэдэг хүмүүс түүхийг янз бүрээр ярьж тайлбарлах нь их байна.

“ТАЙЖИЙН ТӨР ХИЙГЭЭД ДАЙЧИН УЛСЫН МАНДАЛ” НОМ МААНЬ ЭЭЖ ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ГЭРЭЛТ ХӨШӨӨ ЮМ”

-Та “Тайжийн Төр хийгээд Дайчин Улсын Мандал” номоо аав ээжийнхээ гэгээн дурсгалд зориулжээ. Түүхэн бүтээлээ ингэж тодотгосон нь ямар учиртай юм бэ. Бүтээлийнхээ тухай, яагаад аав ээждээ зориулах болов энэ тухай ярьж болох уу?

-Хэн нэгэнд, хэн нэгний дурсгалд номоо зориулах нь өрнөдийн академик соёлд тогтсон зүйл. Эрдэмтэд номоо эцэг эх, гэр бүл, багш нартаа болон тэдний дурсгалд зориулах нь түгээмэл. Хайр, хүндэтгэлээ илэрхийлж, мөнхөлж байгаа хэлбэр. Миний хувьд ном маань ээж аавынхаа гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө юм. Өрнөдийн орнууд овгийн нэр (surname) хэрэглэдэг учир эрдэмтэд тэр бүр ээж, аавынхаа нэрийг бичээд байдаггүй. Нэгэнт нэрс нь номын зохиогчийн нэртэй ижил учир. Миний хувьд ээж, аавынхаа нэрийг бичсэн, бичихдээ ээж, аав минь нэгэнт Монгол бичиг Монголын бичиг үсэг байсан үед төрсөн улс тул Монгол бичгийн галигаар бичсэн. Номын талаар ирсэн нууц шүүмж нь “Энэ ном нь Монголын ба Чингийн түүхэнд маш чухал хувь нэмэр оруулсан том бүтээл мөн” (It is a magnum opus that makes a very important contribution to Mongolian and Qing history.). “Зоримог, оригинал ревизионист тайлбар дэвшүүлсэн” (this book advances a bold and original revisionist interpretation) уг ном нь “эл салбарын суурь бүтээл гэж тооцогдох нь дамжиггүй) (no doubt the book will be seen as a landmark in the field). “Эл салбарт суурь нөлөө үзүүлэх бөгөөд ирэх арвануудад түүхчид энэ номтой диалог өрнүүлсээр байх болов уу” (this book will have a major impact in the field, and historians are likely to be in dialogue with it for decades to come). “Урт настай байхын дээр, үүнийг давах өөр ажил тэр бүр гарахгүй л болов уу” (I am confident that it would have a long shelf-life, so to speak, and would not easily be superseded by another work) гэх зэргээр үнэлэж, цэгнэсэн нь ээж аавынхаа дурсгалыг ариунаар мөнхлөх миний сэтгэлд гүнээ нийцснийг дурдахад таатай байна. Ямар ч байсан ертөнцийн өнцөг булан бүрт номыг нээсэн олон хэлийн улс сонирхож ээж аавын минь нэрийг уншвал тэднийг минь дурсаж байгаа хэрэг болох буйз аа.

Миний номын үндсэн нэр Тайжийн Төр. Уг нэр томьёо ойлголтыг Инжаннашиас авсан. Инжиннаши Чингис хааны байгуулсан төрийг тайж тавнангийн төр гээд уг тогтолцоог Хятадын эрт ба хожмын төрийн тогтолцоотой харьцуулж онолын шүүмж боловсруулсан байдаг юм. Харин номын хавтас дээр Чингисийн угсааны тайжийн хөрөг тавья гэж бодоод Монголын хаад, ноёдын буюу тайж нарын түүхэн зургуудыг шүүж үзтэл хэдийгээр бусадтай харьцуулахад тансаг сайхан хувцастай бус ч, царайны төрх, нүдний харц, зогсох байдлаараа Чин ван Ханддорж яалт ч үгүй онцгой ялгарч миний төдийгүй хэвлэлийн газрын хүмүүсийн санаанд ихэд нийцсэн. Ингэж Монголын хоёр их хүний үзэл санаа, төрхөөр номоо чимсэн дээ. Ханд вангийн болон номонд орсон зургуудыг олж өгсөн Монголын Үндэсний Түүхийн Төв Архив, түүний захирал Т. Сайнжаргалдаа гүнээ талархаж явдаг. Номыг бичихэд багш, номын нөхөд, оюутан шавь нар хийгээд олон хүн их тус болсон. Тухай бүрт нь талархалаа илэрхийлсэн байгаа. Хэдийгээр би МУИС-ийн профессор ч номын санхүүжилт, 10 гаруй жилийн судалгааг бүгд Стэнфордын Их Сургууль, Австри Шинжлэх Ухааны Сан ба Академи, Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэн, Германы Александер фон Хумболдын Сан, Макс Планкийн Хүрээлэн зэрэг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага сангууд санхүүжүүлсэн. Харин уг ном их үнэтэй. 230 шахам ам.доллар буюу 700 гаруй мянган төгрөгөөр борлуулагдаж буй учир манай эрдэмтэд судлаачид бүү хэл их, дээд сургууль эрдэм шинжилгээний номын сангууд авах боломж муутай байх шиг байна. Нөхцөл байдлыг ойлгосон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн ШУА-ний сургуулийн захирал Д.Заяабаатар, “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р. Энхбат нарын хүмүүс уг номыг Монголд авчирч, номын нээлт зохион байгуулж, эрдэм шинжилгээний номын санд байрлуулах талаар тал талаасаа идэвхийлэн оролдож байгаа. Мөн Л.Энх-Амгалан сайд номыг монгол хэл рүү орчуулах ажлыг санхүүжүүлж даруй эх хэл дээрээ хөрвүүлж Монголын уншигч олонд хүргэе гэсэн. Эдгээр санал санаачлага ажил хэрэг болвол “Тайжийн Төр хийгээд Дайчин Улсын Мандал” монгол уншигчдын гар дээр очих болов уу гэж найднам.

-Миний сонссоноор таны энэ бүтээлд Дайчин улс манай улсыг эрхшээснээр Хятадын дарлалаас хамгаалж байсан байж болох тухай агуулга багтжээ. Энэ нь нэлээд маргаан дагуулж мэдэх юм. Энэ талаар та тайлбарлахгүй юу?

-Товчхон хариулбал, Хятадын болон Өрнөдийн түүх бичлэгт Дайчин улсыг үндсэндээ Манж угсааны хаанчлалтай Хятадын төр улс, Хятадын уламжлалт төрийн байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдэж байгуулагдсан улс гэж үздэг. Мөн тун саяхныг хүртэл Өрнөдийн түүх бичлэгт ч тэр Манж нар уусаж бүрэн Хятаджсан. Тиймээс Чин улс нь яах аргагүй Хятадын төр улс гэж үздэг байсан. Харин Памела Кросслеи, Эвилин Рауски нарын эрдэмтэд Хятаджилтын онолыг эрс шүүмжилж эхэлсэн бол Марк Эллиотт нарын бий болгосон Чингийн шинэ түүхийн сургууль Манж нар уусаагүй төдийгүй Чин улс нь Манжийн улс байсан гэж үзэх болсон. Чингийн шинэ түүхийн сургуулийн үндсэн санаанууд нь Японы уламжлалт түүх бичлэгтэй үндсэндээ давхцдаг. Марк Эллиотт өөрөө Японд сурч байсан, Японы түүх бичлэгийн нөлөөг хүлээн зөвшөөрдөг. Өрнөдийн түүх бичлэг, түүний дотор Чингийн шинэ түүхийн сургууль болон Японы түүх бичлэг ч Манж нар Монголыг байлдан дагуулж, Манжийн найман хошууны үлгэрээр Монголд хошуу, сум болон засаг ноёны тогтолцоог бий болгосон гэж үздэг. Үндсэндээ Манж нар Монголын овог аймгийн байгуулал, ураг төрлийн нийгмийг нурааж төр улсын засаг захиргааны тогтолцоо бий болгосон гэж үздэг байв. Манай түүх бичлэгт Хятад болон Өрнөдийн түүх бичлэгийн дагуу Орос-Зөвлөлтийн түүх бичлэгийн нөлөөгөөр Монголыг Манж-Хятадын колонийн дарлал, эрхшээл гэх мэтээр бичиж ирсэн. Харин миний ном энэ бүхнийг няцааж Дайчин улс нь Манж-Монголын холбооны улс төдийгүй, Монголын төрийн онол, байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдсэн улс гэдгийг түүхийн анхдагч сурвалжуудаар нотлож харуулсан. Манж-Хятадын байгуулсан Хятадын төр улс Монголыг эзлэж колоничилсон, эсвэл эзэрхсэн бус харин Манж-Монгол нийлж төр улс байгуулж, Хятадыг эзлэж, Хятадыг “колоничилсон” гэдгийг баримтаар харуулсан. Энэ ерөнхий дүр зураг төдийгүй олон улсын болон Монголын түүх бичлэгт байдаг олон тооны тогтсон ойлголт, тайлбаруудыг баримтаар няцааж, шинэ ойлголт, шинэ тайлбаруудыг дэвшүүлсэн байгаа. Үндсэндээ ХV зуунаас хойшхи Монголын түүхийг цоо шинээр хөдлөшгүй баримт нотолгоотойгоор авч үзсэн байгаа.

“ҮНДЭСНИЙ ЧАДАВХАА ХӨГЖҮҮЛЭХ БУС ШИЛДЭГ ТАРХИНУУДАА ГАДАГШ УРСГАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

-Бид бол хоёр том гүрний дунд оршин байгаа, сонин хувь заяатай ард түмэн мэт. Эдгээр улсуудтай холбоотой түүхэн маргаанууд их байдаг л даа. Ялангуяа урд хөрштэй манай түүхийн ухагдахуунууд хэр нийлдэг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр том “гүрэн”, “ард түмэн” гэдэг хэл ярианаас эхлээд л бид өөрсдийгөө үзэх, ойлгох хандлагад асуудал их бий. Энэ нь Хятадын төдийгүй Өрнөдийн түүхчид Монголыг Хятадын умард хязгаар (northern frontier), Хятадын Өвөр Азийн хязгаар (Inner Asian Frontiers of China) гэж хардагтай агаар нэг зүйл. Өвөр Ази гэдэг нэр томьёо нь чухам Монголын газар нутаг, Монгол Улсыг төр улсгүй, тиймээс эзэнгүй газар (territorium nullius), газар зүйн орон зай гэдэг санаагаар бий болгосон колонийн эрин үеийн нэр томьёо. Эзэнгүй буюу төр улсгүй гэж харуулахын тулд Монголын газар нутаг дээр зөвхөн овог аймгийн байгуулал, ураг төрлийн нийгэм ноёрхож байсан гэдэг үзэл онол Орос, Хятадын болон Өрнөдийн түүх бичлэгт нэвт шингэсэн. Түүнийг нь Монголын шинэ үеийн түүх бичлэг хүлээж аваад мөн л өөрсдийгөө овог аймгийн байгуулалттай мэтээр тайлбарлаж ирсэн. Тэрний ул мөр нь одоо хүртэл Монголд орших ястан энэ тэр гэх ойлголтууд. Нөгөө хоёр нь улс, Монгол Улс биш шүү дээ. Төр улсад л улс төрийн хил хязгаар гэж байх. Аливаа нэг төр улс нөгөө төр улсын хил хязгаар бус харин хөрш нь. Ард түмэн гэж ярих бол нөгөө хоёрыгоо ч мөн ард түмэн л гэж ярих нь зүйтэй. Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай хил залган орших улс.

Мэдээж улс орны цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал, нөлөөнөөс гадна одоогийн НҮБ-ын систем нь дэлхийн II дайнд ялсан гэж тооцогддог АНУ, Англи, Франц, ОХУ, БНХАУ-аас бүрдсэн Аюулгүйн Зөвлөл хэмээх байгууллагыг байгуулж аливаа утга учиртай шийдвэрийг уг байгууллагын таван гишүүний нэгдсэн саналаар шийддэг болгосон нь эдгээр улсуудыг их гүрэн болгож, олон улсын тогтолцоог тэгш бус болгосон нь үнэн. Тэр нь ч НҮБ нь бүрэн эрхт улсуудын ижил тэгш харилцаанд суурилсан дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах үзэл санаатай зөрчилддөг зүйл бий. Энэ нь гэхдээ түүх бичлэгийн гэхээсээ реалполитикийн (realpolitik) асуудал. Товчхон хэлэхэд, хөрш улс орнуудын үзэл суртлын түүх бичлэгээс гадна манай өөрсдийн түүх бичлэг, нийгэм судлалд асуудал их бий.

– Ер нь олон улсад түүхийн тухай асуудлууд шат дараатай хөгжиж, улс орнууд бүгд л “би хэн бэ, цаашид хэрхэн хөгжих вэ, бидний ард түмний үнэт зүйл энэ юм” гэдгээ маш сайн тодорхойлж байна. Монголчууд тэгж чадаж байна уу. Монголчууд гэж хэн юм. Үнэт зүйл нь юу юм бол. Энэ талаар танай бодол юу вэ?

-Монгол Улсын иргэн, Монголын судлаач, Монголчуудын нэг нь учир, мөн миний судалгааг олон улсын эрдэмтэд ихэд нааштайгаар хүлээж авдаг учир таны ярьж буй асуудалд тодорхой хувь нэмэр болж байгаа болов уу гэж санадаг. Та google books-ээр ороод миний нэрийг бичээд хайлт хийвэл сүүлийн үед гарч байгаа судалгааны гол бүтээлүүд миний өгүүллүүдээс эшлэл, зүүлт татсан нь цөөнгүй байгаа. Харин манай Монголын түүх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэмтэд, судлаачид, оюутнууд тэр бүр олж үздэг, хэрэглэж чаддаг эсэх тусдаа асуудал.

Ний нуугүй хэлэхэд, 1990-ээд оноос хойш Монгол Улс шинжлэх ухаан боловсролын салбараа гаргуунд нь хаясан. Түүний дотор нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар бүр шаарлагдсан. Тэдний хэл ус, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудад бодлогоор илгээх, сургах, ажиллуулах нь бүү хэл эндээ тайван суугаад судалгаагаа хийх хэмжээний цалин хөлс ч үгүй. Манай залуучууд сэтгэлтэй тулдаа ёстой л бор зүрхээрээ, эрвийх дэрвийхээрээ хичээдэг.

Хэдий тийм ч суугаа сэцэнээс явсан тэнэгийн дээр, шинжлэх ухааны ажлын хэл англи хэл болсон энэ үед хэл ус муутай улс ажлынхаа үндсэн гарын авлагаа ч бүрэн дүүрэн хэрэглэх чадвар дулимаг, мөн хэрэглэе гэсэн ч ном, сэтгүүлүүд нь байхаасаа байхгүй нь их байна шүү дээ. Гэтэл хөрш зэргэлдээ Хятад орон өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад судлаач залуусаа сургаж ирсэн урт удаан хугацааны хур нөөцтэй төдийгүй 2008 оноос эхлээд “Mянган авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж өрнөдөд өндөр боловсрол эзэмшсэн асар олон тооны Хятад болон Хятад гаралтай болон гадны эрдэмтэдийг өндөр хэмжээний цалин хөлс, халамж, харамж, санхүүжилт өгч авчирч өөртөө тэдний мэдлэг, чадварыг нутагшуулах ажилыг эрчимтэй зохион байгуулж байна шүү дээ. Мөн манай хажуугийн Казахстан улс гэхэд л Болашак буюу Ирээдүй гэдэг хөтөлбөрөөр 15 мянга шахам залуусыг өрнөдийн тэргүүлэх сургуулиудад бэлтгэсэн төдийгүй, хоёр тэрбум ч бил үү долларын анхны хөрөнгө оруулалт хийж Назарбаев Их Сургууль хэмээх англиар сургалт явуулдаг судалгааны их сургууль байгуулж дэлхийн шилдэг их сургуулиудтай өрсөлдөх цалин, хангамж, тэтгэмж санал болгож Өрнөдийн эрдэмтдийг урьж сургалт, судалгаа явуулж байх жишээтэй. Надад 2015 онд цалин, хангамж, элдэв тэтгэмж нийлээд жилийн 200 гаруй мянган ам.долларын татваргүй багц санал болгож байсан байх жишээтэй. Ийм жишгээр Сингапур, Саудын Араб, Орос зэрэг олон улс орнууд дээд боловсрол эрдэм шинжилгээ хөгжүүлэх тууштай бодлого явуулж байх. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудаа ч шилдэг бүтэц тогтолцооны дагуу өөрчилсөн нь олон. Энэ бүхнийг ажиглаж байсны хувьд 2013-2014 онд МУИС-д жил хэртэй дэд захирлын алба хашихдаа тухай үеийн Боловсролын сайд Л. Гантөмөрт хэлж дурдаж байж МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг хийж дэлхийн шилдэг сургуулиудын нийтлэг бүтэц тогтолцоонд ойртуулж, үргүй зардлуудыг хэмнэсний үр дүнд МУИС тодорхой хуримтлалтай болж, багш судлаачиддаа судалгааны дэмжлэг үзүүлдэг болгосон. Мөн Монголын их дээд сургуулиудыг Харвард, Массачусетсийн Технологийн Институт (MIT), Стэнфордын Их Сургууль зэрэгтэй ч холбож хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тэгэхэд МIT-ийн Б.Мандухай, Харвардын Д.Ганмаа нар их үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед би МУИС дээр гадаадын шилдэг эрдэмтдийг тодорхой тэтгэлгээр урьж авчирч, Монголын залуу судлаачдад боломжийн тэтгэлэг өгөөд хамтарч ажиллуулах феллоушиф хүрээлэн байгуулъя гэсэн боловч бүтээгүй.

Нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт л Монгол судлалын өрнө, дорнын олон шилдэг эрдэмтэд төдийгүй, нэгэн үеийг бодоход Б.Мандухай, M.Oрхон, Ч.Уранчимэг гэх мэт олон Монгол эрдэмтэд өрнөдөд ажиллаж байна. Хятадын мянган авьяас хөтөлбөртэй төстэй байдлаар зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухаан гэхгүй өрнө дорнын эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байгаа шилдэг судлаачдаа түр хугацаагаар ч болов санхүүжүүлж авчрах, мөн залуусаа тэдний дэргэд аваачиж ажиллуулж онол, арга зүй эзэмшүүлэх, туршлага суулгах, торгон эгнээний судалгаатай шууд холбох зэрэг бодлого, үйл ажиллагаа явуулах замаар өөрийн үндэсний шинжлэх ухааны чадавхаа хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ.

Гэтэл манай бодлого үндэсний чадавхаа хөгжүүлэх (national capacity building) бус харин гадагш нь шилдэг тархинуудаа урсгахыг хөхүүлсэн бодлого болчихоод байна шүү дээ. Өөрсдийн их сургуулиудынхаа бүсийг чангалаад шилдэг тархи тогтох боломжгүй болгоод, дээрээс нь төр нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шилдэг хүүхдүүдээ гадагш нь өндөр төлбөр төлж явуулаад, хувийн сургуулиуд нь шилдэг хүүхдүүдийг цөмөөд гадагш нь явуулах замаар бизнесээ сурталчаад байж байна шүү дээ. Төлөвшөөгүй 20 орчим насны хүүхэд өрнөдийн сургуулиудад сураад Монголд буцаж ирэх боломжгүй. Ирье гэсэн сэтгэл байсан ч бакалаврын сургалт дөнгөж гараа төдий, тэд мэдээж ажил төрөл ирээдүйн карьераа хөөж магистр, докторын хөтөлбөрт хамрагдахын хичээх нь зүй. Энэ арван хэдэн жилд хүн төлөвшинө, амьдрал зохион байгуулна. Энэ бүхэн нь тухайн орон орчиндоо суурьших үгүйсгэх аргагүй бодит нөхцөл. Түүний оронд Монголдоо бүх шилдэг тархинуудаа сургаад, болвол магистр хамгаалсны дараа докторын, постдокторын сургалт судлагаанд хамруулбал тэд харин Монголдоо ирнэ. Бид шилдэг тархинуудаа алдахаа больж, үндэсний өрсөлдөх чадавхаа ч нэмэгдүүлнэ. Энэ мэт гээд олон зүйлийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна даа.

-Бид наадмаа ч тэмдэглэж чадахгүй л болчихсон байна л даа. Та юу гэж бодож байна вэ?

-Авилгаас үүдэлтэй завхрал Монголын нийгмийг идэж байна шүү дээ. Улсын баяр наадам төдийгүй сумдын наадам мөн тийм болсон гэнэ. Харин манай нутагт, Баян-Агт суманд, сумын залуучуудын урлаг, спорт, соёлын наадам таарч олон жил үзээгүй явсан сумын наадам үзэх сайхан боломж гарлаа. Сумын зургаан баг тус бүр өөрийн спортын баг байгуулаад тэмцээн наадам хийж байна. Бөх гэхэд л багуудын оршин суугч, начин ба цолгүй залуу бөхчүүдийг тойргоор барилдуулж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэж найз нөхдөөс асуувал гаднаас өндөр цолтой бөхчүүд ирээд найраа хийгээд түүнд нь заанууд нь ч хутгалддаг. Тиймээс наадам зүй бус төдийгүй, үзэх юмгүй болдог. Ер нь наадам утгаа алдсан гэж байна. Харин нутгийн залуусыг хооронд нь тойргоор барилдуулах чинь сайхан юм гэж байна билээ. Мөн бугуйл шидэх, эмнэг сургах зэрэг тэмцээнүүд нь гайхамшигтай байв. Эмнэг адуун дээр мордоод сургаж байгаа залуусыг харахад гайхалтай байлаа.

“ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ”

– Та Ерөнхийлөгчийн Засаглалыг дэмждэг хүн. Энэ үзэл санаа тань хэвээрээ юу. Энэ ойлголтынхоо тухай дахиад нэг тайлбарлаж болох уу?

-Нэг талаас монголчууд нийтээрээ ардчилсан, тогтвортой, хяналттай, хариуцлага тооцох эзэнтэй, салбарын шилдгүүдээс бүрдсэн чадварлаг Засгийн газартай тогтолцоог хүсдэг. Нөгөө талаас авилга, хуйвалдааныг нийтээрээ жигшихийн дээр, тогтохоос болгоомжилж, тийм дарангуйлал тогтоохгүй байх тогтолцоог хүсдэг. Чухам яг тэр тогтолцоо нь Ерөнхийлөгчийн засаглал. Тиймээс миний бие Монгол Улсыг бүх ард түмнээсээ дөрвөн жилийн хугацаагаар, нийт сонгогчдын 50 хувиас дээш хувийн саналаар сонгогдог, Засгийн газраа тэргүүлдэг, хуульд хориг тавих эрхтэй Ерөнхийлөгчтэй, мөн бүх ард түмнээсээ сонгогддог хоёр танхимтай, аливаа хуулийг хоёр танхим дэмжснээр баталдаг парламенттай, мөн бүх шатны шүүгч нарыг зургаан жилийн хугацаагаар ард түмэн сонгодог шүүхтэй байх ёстой гэж үздэг. Мэргэжлийн хуульчид шүүгчид нэр дэвших нь зүйтэй. Парламентын дээд танхим нь 45 гишүүнтэй, зургаан жилээр сонгогдож, гурван жил тутамд гуравны нэг нь солигддог, доод танхим нь 80 гишүүнтэй, хоёр жилээр сонгогддог байх хэрэгтэй. Дээд танхимын гишүүдийг ижил тоотой сонгогчидтой, гурван мандаттай, 15 тойргоос мажоритари тогтолцоогоор, доод танхимын гишүүдийг намын нээлттэй жагсаалтаар пропорциональ тогтолцоогоор сонгох хэрэгтэй гэж үздэг. Дээд танхимын гишүүд сонгогдохдоо тухайн тойргийнхоо оршин суугч байх ёстой.

Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч сайд нарынхаа нэрийг дэвшүүлж, парламентын дээд танхимаар хэлэлцүүлж, дээд танхим олонхоороо дэмжсэн хүнийг л сайдаар томилдог байх ёстой. Парламентын доод танхим нь сайд нарын томилгоонд үл оролцох бөгөөд харин хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол Ерөнхийлөгч болон сайд нарыг импийч хийдэг байх ёстой. Ерөнхийлөгчийг импийч хийсэн тохиолдолд дээд танхим шүүгээд дэмжвэл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулдаг, харин сайд нарыг импийч хийсэн нөхцөлд шууд огцруулдаг байх ёстой.

Ийм тогтолцоо ардчилсан байх болно. Яагаад гэвэл парламентаа ч, засгийн газрын тэргүүнээ ч, шүүгч нараа ч сонгогчид тус тусад нь өөрсдөө нийтээрээ сонгож байгуулна. Нөгөө талаар хэний ч гарт эрх мэдэл төвлөрөх боломжгүй. Харин парламентын тогтолцоонд сонгогчид зөвхөн парламентаа л сонгодог. Бусдыг нь ялсан нам, намын дарга ганцаараа шийддэг. Хамгийн аюултай нь парламентын тогтолцоонд ялсан нам, намын даргад хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бүгд төвлөрдөг. Ерөнхийлөгчийн тогтолцоо төрийн эрх мэдлүүдийг хувааж, салгаж, харилцан тэнцвэржүүлдэг бол, парламетнын тогтолцоо төрийн эрх мэдлүүдийг нэг этгээдийн гарт төвлөрүүлдэг. Ерөнхийлөгчийн тогтолцоо маш тогтвортой. Сонгогчид Ерөнхийлөгчөө дөрвөн жилийн хугацаагаар сонгодог учир засгийн газар сонгуульт хугацаанд тогтвортой ажиллана. Засгийн газрыг огцруулах тухай ойлголт байхгүй. Харин парламентын тогтолцоонд засгийн газар байнга огцрох аюулын өмнө байдаг. Ялангуяа одоо яригдаж буй шиг пропорциональ тогтолцоог нэвтрүүлбэл засгийн газар байнгын эвслийнх байх бөгөөд энэ нь засгийн газрыг улам эмзэг болгохын дээр, эвсэлд орсон жижиг нам ч засаглахад хүргэдэг. Пропорциональ тогтолцоотой парламентын тогтолцоонд гадны хүчирхэг тоглогч эвслийн нэг жижиг намыг талдаа татахад л улс орны болон засгийн газрын хувь заяа шийдэгдэх магадлал асар өндөр. Нэгэнт засгийн газар байнга эвслээс бүрдэх учир хянах, хариуцлага тооцох эзэн олдох боломж тун хомс. Нөгөө талд нэгэнт сонгогчид парламентаа сонгодог бөгөөд Ерөнхийлөгчид парламентыг тараах эрх байхгүй учир хууль тогтоох, хянах, хариуцлага тооцох эрх мэдэл тогтмол хэрэгжинэ.

Нэгэнт засгийн газрыг байгуулахад оролцоогүй, түүний үйл ажиллагааг хянах зорилготой учир парламентын хяналт сайжирна. Ялангуяа доод танхим нь бүхэлдээ 2 жил тутамд пропорциональ саналаар сонгогддог нөхцөлд доод танхим нь ард түмний хүсэл эрмэлзлэлийг илүү сайн төлөөлөх, хамгаалах төдийгүй, түүнд импийч хийх эрх мэдлийг олгосон нөхцөлд хяналт, хариуцлага тооцолт бэхжих болно. Харин дээд танхим нь нийт үндэсний эрх ашгийг тойргийн эрх ашигтай хослуулах, төдийгүй төрийн үйл ажиллагааны залгамж, тасралтгүй чанарыг сайтар хангана. Мэдээж хууль хоёр танхимын дэмжлэгээр батлагдах тул цаг зуурын болон, элдэв зүй бус нөлөөллийн хууль батлагдах боломж эрс буурна.

Ийм тогтолцоонд чадварлаг засгийн газар бүрэлдэнэ. Нэгэнт сайд нарын үндсэн шалгуур тухайн салбарын мэдлэг, чадвар, туршлага байх бөгөөд дээд танхимаас дэмжлэг авах ёстой учир Ерөнхийлөгч нь аливаа салбарын шилдэг мэргэжилтнүүдийг л сайдад нэр дэвшүүлэхээс өөр аргагүй. Тиймээс засгийн газар нь маш чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэх болно. Засгийн газар үндсэндээ намын гэхээсээ илүү үндэсний шинжтэй болдог. Салбараа мэдэхгүй намчин томилогдохгүй шүү дээ. Мөн одоо Монголд байгаа шиг Ерөнхий сайд нь өөрийн үзэмжээр хэн үл мэдэх, мэдлэг, чадвар, туршлага нь тодорхойгүй нөхдийг сайдаар томилох тухай ойлголт огт үгүй. Нэгэнт давхар дээл, өвөр түрийдээ орох, эрх мэдэл нэг хүн эсвэл нэг намын гарт төвлөрөх ойлголт байхгүй учир авилга, хуйвалдаан, нэг хүний дарангуйлал үүсэх магадлал эрс хомс. Чухам ийм тогтолцоо л Монголыг одоогийн эмгэнэлт байдлаас нь гаргаж чадна гэж үзэж байна.

-Бид 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо ахин энэ асуудлыг яриад эхэллээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг агуулга багтаж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Яг одоо үйчилж буй Үндсэн хуулийг бүрмөсөн өөрчилж миний дээр өгүүлснээр өөрчлөх ёстой. Одоогийн үйлчилж буй Үндсэн хууль нь 1992 оны Үндсэн хууль, түүний үзэл санааг бүрмөсөн эвдэн нурааж Монгол Улсад эдүгээ БНХАУ-д оршин байгаа дэглэмийг үндсэнд нь тогтоосон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг нам, нэг хүний гарт бүрмөсөн төвлөрүүлсэн, ардчилал, хуулийн засаглалыг үндсэндээ үгүйсгэсэн тогтолцоо. Монголд авторитари дэглэм тогтчихоод байна шүү дээ. Чухам авторитари дэглэм тогтчихсон байгааг эрх баригчдын үг үйлдэл тод томруун харуулж байна бус уу. Мөн ийм тогтолцоогоор Монголын төрийн эрх мэдлийг гадны хүчирхэг тоглогчид бүрэн дүүрэн хянах боломжтой. Ер нь ч эдүгээ Монголд тоглоомын дэглэм тогтчихоод байгаа нь ч илт байгаа. Монгол Улс шиг байгалийн баялагтай, байгалийн баялагт нь гадны хүчирхэг эрх ашиг гүн гүнзгий суусан оронд Монголын ард түмэн эрх ашгаа хамгаалъя, эх орон, эрдэс баялаг, ирээдүйдээ эзэн байна л гэвэл дээрхээс өөр арга зам үгүй. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэдэг нь 1990 оны хувьсгалаар Монголын ард түмний олж авсан, 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан үндсэн эрх мэдлийг дээрэмдэн булаан авч байна л гэсэн үг. Ер нь Үндсэн хуулиар байгуулагдсан парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг нь угаасаа, Үндсэн хуульт ёс, хуулийн засаглалын үзэл санаанд харш, түүнийг үгүйсгэж байгаа хэрэг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг нийт үндэсний төлөөллөөс бүрдсэн тусгайлан байгуулсан Үндсэн Хуулийн хурал л өөрчилдөг байх ёстой. Гэтэл эдүгээ Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн Хуулиа засан өөрчилж, хууль тогтоох төдийгүй, Үндсэн Хууль тогтоогч болж хувирчихаад байна шүү дээ. Энэ нь одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн Хуулийн хүрээнд авч үзвэл ҮХЦ нь УИХ-ын онц эрх мэдэлд халдаж, тэр эрх мэдлийг нь булааж авчихаад байна шүү дээ. УИХ ын эрх мэдэл гэдэг нь Монголын ард түмний төрийн эрх мэдэл биш үү. Түүх, улстөрийн түүх бага сага сонирхдог. Дампуурлын ийм жишээтэй таарч байсангүй.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

zms-1 Л.Мөнх-Эрдэнэ: Дайчин улс нь Монголын улс төрийн соёл дээр суурилсан Манж-Монголын холбооны улс

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button