Улс төр

“Дарханы арьс ширний цогцолбор Б.Жавхлан сайдын хэлсэн шиг 160 сая еврогийн төсөл биш”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр дээрх асуудлаар УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлантай “ам зөрсөн”.

“Засгийн газраас Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг УИХ-аас нэг нь хариуцах санал гаргасан. Энэ хүрээнд надад санал тавьсны дагуу энэ бүтээн байгуулалтыг би хариуцаж байгаа. Өмнө тус цогцолборын бүтээн байгуулалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн нэгдсэн компани Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан хэдий ч ажил нь яваагүй. Тус төслийг царцааж, төрөөс Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын шинэ төсөл эхлүүлсэн. Төслийн эцсийн үнэ өртөг гараагүй.

Одоогийн байдлаар Италийн талтай үнийн хэлцэл хийж байна. Харин Б.Жавхлан сайдын хэлээд байгаа шиг 160 сая еврогийн төсөл биш. Италийн Эмигро гэж компаниас 64,8 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлнэ гэсэн үнийн саналыг ХХААХҮ-ийн яаманд ирүүлсэн. Өөр компаниудаас бас үнийн санал ирсэн. Цогцолборын бүтээн байгуулалтын нийт өртөг 300 тэрбум төгрөг гэсэн тооцооллыг холбогдох яам гаргасан. Үнийн хэлцэлтэй би ямар ч холбоогүй” гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан Дархан минж гэх компанид 2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авч өгсөн гэдгийг тэрбээр хэллээ. Дархан минж нь арьс ширний хувийн үйлдвэр. Иймээс Дархан-Уул аймагт шинээр арьс ширний үйлдвэр бариулахгүй гэж ийм үйлдэл хийж байна.

Дарханд хамгийн орчин үеийн Итали технологийн арьс ширний үйлдвэр баригдвал найзынх нь компанийн үйл ажиллагаанд харшилна гэдэг ойлголтоор Сангийн сайд Б.Жавхлан Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын баталгааны асуудлыг шийдэж өгөхгүй байна гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн илэрхийллээ.

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button