Улс төрУлс төр нийгэмд

А.Цэрэнбат: 2023 оны төсвийн төслийг буцаан татахгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглаан хийнэ

Ардчилсан Нам(АН)-ын 4/11 хэвлэлийн хурал өнөөдөр Шонхор тауэр дахь байранд нь боллоо. Тус намаас 2023 оны улсын төсвийн төсөлд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, төслийг эргүүлэн татах шаардлагыг Засгийн газарт хүргүүлснээ мэдэгдэв.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны Төсвийн бодлогын хорооны дарга Ц.Алтанцэцэг “Төсвийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуульд нийцүүлэх ёстой. Гэтэл 2023 оны төсвийн төсөл нь эдгээрийг зөрчсөн.

Төслийг боловсруулах явцдаа олон нийтийн оролцоог хангаж чадаагүй, хөрөнгө оруулалтыг хүн ам, газар зүйн байршилтай уялдуулахгүй байна гэж үзэж байна. Төсвийн сахилга хариуцлага биелүүлэхгүй байна.

Хуулийн дагуу төсвийг баталдаггүй, харин боловсруулсан төсөвтөө тааруулж, хуулийг ихээхэн өөрчилдөг юм байна.

Үндэсний аудитын газрын тайланд төсвийн дээд хязгаарыг 3.8 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөсөн нь хуульд нийцэхгүй, хөрөнгө оруулалт дээр эх үүсвэр нь тодорхой бус ажлуудыг тусгасан байна зэргийг дурдсан байгаа.

Ирэх оны төсөв бол Монгол Улсын хөгжлийн төлөө биш, 2024 оны сонгуульд зориулсан, оноо авах гэсэн төсөв болсон байна. Иймд төсвийн төслөө буцаан татах шаардлагыг АН хүргүүлсэн” гэлээ.

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “Ерөнхийлөгчийн төсөв 26 тэрбум байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын жилийн төсөв 5-7 тэрбум төгрөг байсан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн төсөв 26 тэрбум төгрөг болчхов. У.Хүрэлсүх ямар Богд Зонхов бурхан уу, нэг л хүний институц. Зөвлөхүүдийн цалин, Тамгын газрынхны цалин гээд жилдээ таван тэрбумын төсөвтэй ажил хийдэг байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сарын төсөв хоёр тэрбум, өдрийн төсөв 78 сая байна. Бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт төсвөө татаж ав гэх шаардлагыг 2022 оны аравдугаар сарын 17-нд өгсөн.

Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, өнөөдөр дахин шаардлага хүргүүлэх гэж байгаа. Үүнд төсвөө буцааж ав, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх гэх зэрэг таван шаардлага бий.

Хариуг нь арваннэгдүгээр сарын 11-н гэхэд өгч, төсвөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна” гэлээ.

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button